Нийтлэлүүд

Оскарын шагналт аниматор Шон Тэний "The Arrival" үггүй график зохиолын тухай

Зохиолч, зураач: Шон Тан (Shaun Tan)

Анх хэвлэгдсэн он: 2006

Хэзээ нэгтээ зурагдчхаад, арилж балрахаа тэвчээртэй гэгч нь хүлээж буй хуучин элгэн дэвтэр дэх хэсэг дурсамжаа үзэж буй аятай санагдсан юм, энэ ном. Хуваалцмаар санагдаад нэлээн удлаа. Graphic novel буюу график зохиол форматтай, уран зөгнөлт, сюрреалист талдаа ном юм уу даа. Нээрээ энэ номд ганц ч бичвэр байхгүй. Байгаа бичвэр нь бүр зохиолчийн зохиомол хэл. Зурагнаас харагдана байх аа. Энэ уран бүтээлч нь тун ч сонирхолтой хүн санагдсан. Богино хэмжээний анимэйшн бүтээсэн нь 2010 онд Академийн шагнал хүртжээ. Анимэйшн, кино урлагийн хүн болоод ч тэр үү, энэ хүний зурагт номуудыг үзнэ гэдэг кино үзэж буй аятай байх юм билээ. (Анимэйшний карьераас зурагт ном руу шилжсэн хэд хэдэн уран бүтээлч мэдэх юм байна. Дэлгэцийн урлагийн мэдрэмжтэй хүмүүс өгүүлэх гэж буй санаагаа зурагт номын форматаар тун чадварлаг илэрхийлээд байх шиг надад санагддаг.)

I

Ирсэн нь” гэх (өөрийхөөрөө буулгав) энэ зурагт ном нэгэн эр гэр бүлээ үлдээгээд хаа нэгтээ явж буйгаар эхэлдэг. Төрөлх хот нь бололтой, нүүгэлтсэн том наймалжийн хөл шиг зүйл хотоор нь нэг хөвнө. Ганц охиндоо эргэж уулзах итгэл найдвар болгож энхийн цагаан тагтааны бэлгэдлийг үлдээв. Зогсоо зайгүй уйлах эхнэр, охин, эр нөхөр гурвуул гар гараа нэг атгалцсанаар, гол дүр маань мөд хөдлөх галт тэргэнд суулаа.

II

Гэр бүлийнхээ зургийг ширтсээр явах эр одоо усан онгоцны өчүүхэн цонхоор хязгаар нь үл харагдах тэнгис далайг ширтэн явна. Цаг хугацаа өнгөрч буйг харуулсан зохиолчийн шийдэл үнэхээр содон гоё. Олон үүлний хэлбэртэй зургийг хараарай. Онгоцонд яг л мань эр шиг өчнөөн хүн суусан харагдах ба бүгд л ижил итгэл найдвар тээж яваа юм шиг санагдсан нь ижил олон цагаан шувуу тэнгэрээр нэг ниссэн зураглалаас болсон байх. 

Ингээд харийн хотод ирсэн нь бүтэн дэлгэмэл дүүрч харагдах ба цаанаа л нэг харь газар гэдэг шууд мэдрэгдэнэ. Элдэв янзын дүрс, үзэгдэж харагдаагүй барилга байшин, амьтад… Онгоцноос буугаад шалганаар орох цаг болжээ. Гол дүрийн маань ёстой л толгойноос нь хөл хүртэл юм юмыг нь шалгаж, энд тэнд нь тэмдэг тэмдэглэгээ наан, уншуулж нэг дугаргаж нэг үзнэ. Бас болоогүй элдвийг асууна. Ингээд хотод орох зөвшөөрөл өгдөг. Зохиолчийн харуулах ертөнц тун содон, зөгнөлт зураглалтай ч юу болоод байгаа нь уншигчид цаанаа л нэг танил байх аж. Огт үзэгдэж харагдаагүй байшин, тээврийн хэрэгсэл, гэхдээ л ойлгомжтой. 

Хотын аж байдлаас харуулжээ, бүгд л их хачин юм. Амьтан, ургамал нь хүртэл жигтэй. Хэл ус мэдэхгүй хүн зургаар ч болтугай ойлголцдог шиг л юм болно. Мань эр ч хоноглох газар хайж яваа нь илэрхий. Ингээд нэг газар олж ачаа тээшээ эмхэлж чадна. Тэрхүү ачаа тээш гэдэг нь гол дүрийн сэтгэлд мөч бүр санагдан яваа гэр бүл нь байх аж. Тэднийгээ санаж буйгаар энэ хэсэг дуусдаг. Зургийг хараарай. Олоон олон юм үзэж туулж яваа хүмүүсийн зөвхөн нэг нь гэдгийг харуулж байгаа юм шиг санагдсан.

 

III

Манай хүн хоолны эрэлд гарах бөгөөд бусадтай хэл амаа ололцон нийгмийн харилцаанд орж буй тухай энэ бүлэгт гардаг. Ингэх замдаа өөр дүрвэгчидтэй танилцдаг бөгөөд өөрсдийн түүхээ гол дүрд маань ярьж өгдөг. Нутагтаа бусдын хүслээр хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байсан амьдралаасаа зугтсан ази бүсгүй, хотын иргэдийг аварга соруулагчаар хуу хамах нүсэр өмсгөлтэй “хүмүүс”-ээс эхнэртэйгээ зугтаж чадсан нөхрийн түүх (энэ хэсэгт жижиг томын хэмжээг мэдрэхийн тулд төсөөлөл зайлшгүй шаардагдана) гарах бөгөөд тэрхүү гэр бүлийнд оройн зоог барьж буйгаар бүлэг өндөрлөдөг.

IV

Гол дүрийн эр аль хэдийн энэ хотдоо “идээшиж” эхэлжээ. Хоол ундтай залгаад, хөлсөлсөн өрөөнд нь байсан бяцхан амьтантай ч нөхөрлөж амжиж. Ингээд ажил олж хийх хэрэгтэй болдог. Хаа сайгүй хайна. Олдохгүй. Нэг олдсон ажлаа буруу зөв хийнэ. Ахиад хайна. Ахиад л тохирохгүй. Өөр нэг ажилд (үйлдвэрийн дамжлага дахь бүтээгдэхүүн ялгах ажил байх) ороод өвөөгийн түүхийг сонсоно. Өвөө тагш юм хуваангаа өөрийн дайнд явж, нэг хөлгүй болсон түүхээ хүүрнэнэ. Тэр хэсгийн зураглал үнэхэээр сайн байсан… Зүгээр л алхаа гишгээг харуулангаа гол санаагаа харуулчхаж байгаа юм. Дайны хар бараан талыг харуулахад ганц үг ч шаардагдсангүй. (Энэ дүрслэл дуусаад өвгөний уншигч руу харсан нүд (дөрвөлжийг хэлэв) ямар утгатай юм бол гэж одоо болтол гайхаж байна. Энэ номыг ‘уншсан’ хүн байвал ярилцана шүү.) Ажлаа дуусгаад гол дүр маань өвгөний хамтаар нугат хөндий ч юм уу их л сайхан газар яваагаар дүрслэгдэнэ. Шувуу шиг амьтад энд тэнд нисэлдэх юм. Нүсэр том нар (хиймэл нар ч юм уу, эсвэл гэрлийн үүсгэвэр, хэд хэд байгааг бодвол) дээрээс ээнэ. Ингэж явсаар өвөөгийн найзуудтай танилцаж крикет ч юм уу гольф ч юм уу тиймэрдүү тоглоом тоглодог.

 

V

Нэг бяцхан шувуу үүрээ засаж буй сценээр энэ бүлэг эхэлдэг. Харин манай хүн гэрийнхэн рүүгээ бололтой захиа бичээд илгээж буй нь гарна. Бүтэн жил өнгөрөх шиг боллоо. Зохиолч шоо нүднүүдээр нэгэн цэцгийн дөрвөн улирал үзэж буйг харуулдаг. Одоо харин өнөө үүрээ засаж байсан шувуу ангаахайнуудадаа хоол зөөх аж. Энэ шувуугаар магадгүй гол дүрийн маань хүслийг илэрхийлж буй биз ээ. Захидлын хариу иржээ. Гол дүр инээмсэглээд цонхоор ширтэнэ. Харин дараагийн сцен дээр манай хүн дээрээс тээврийн хэрэгслээр бууж ирж буйг тосож авахаар гүйж гардаг. Эхнэр, охин хоёр нь мөн байна! Ямар удаан хүлээв ээ! Дотор цэлмэх мэдрэмж төрүүлж үнэхээр чадсаан, зохиолч маань. Уулзах хэсгийг атгасан чимдаанаа алдаж, малгай хийсэн унаж, шувууд үргэж нисэж байгаагаар харуулж байгаамдаа. Үүний дараагийн дэлгэмлээс гол дүр маань хэр хурдан гүйснийг найз амьтнаа хэр хол хаяснаас нь харж болно.

VI

Эхний дүрслэлтэй тун төстэй дүрслэлээр эхэлдэг. Гэхдээ төрсөн газраа биш, харь нутагт учраас бага сага зүйл нь өөр. Гэхдээ өмнөхөөсөө хамаагүй гэгээлэг, баяр жаргалтай. Охин нь ч байгаа газраа дасаж өөриймсүү хандаж буй нь царайнаас, үйлдлүүдээс нь илт. Гадаа гарч зугаалж явах замдаа охин нь өөр нэгэн төөрч будилж яваа бүсгүйд зам зааж өгч байгаагаар энэ ном дуусдаг. Зургаас анзаарсан байх. Номыг дэлгэнгүүт гарч ирдэг эхний зураг мөн эцсийн зураг хоёрт хүмүүсийн царай дүрслэгдсэн байгаа. Яг пасспортны цээж зургаа авхуулсан аятай уншигч руу харцгаах энэ олон хүмүүс гол дүрийн маань л адил итгэл найдвар өвөртлөн харь нутагт төөрж, бүдчин яваа юм болов уу? Ямар ч байсан зохиолч энэ номд дүрслэгдсэн хүмүүс, амьтан, ургамал, аж байдал, дүр дүрслэлийг хаанаас эш татсанаа ч мөн номын хойно дурджээ. Тэр үгийг нь оруулсан байгаа, болвол уншаарай. Титаник живж буй мэдээг тараах хөвгүүний зургаас хүртэл зарим хэсэг ‘эшлэгдсэн’ юм билээ шүү. Усан онгоцон дээрх дүрвэгчид нь бүр уран зурагт хүндэтгэл үзүүлэн оруулсан хэсэг юм гэсэн.

   

Энэ номын бүтсэн түүхийн дэлгэрэнгүйг “Нэргүй нутгаас үлдсэн хар зургууд” (Sketches from the Nameless Land) гээд тусдаа номоос олж үзэж болох юм байналээ. Ямар ч байсан энэ гайхам, содон, үзэсгэлэн төгөлдөр бүтээлийг хуваалцсан хүнд баярлалаа гэж хэлье. Энэ уран бүтээлч 20+ зурагт ном гаргасан юм билээ. Бүтээл бүр нь ийм нандин байгаа гэдэгт эргэлзэх юм алга аа. Олж аваад клубийнхэнээрээ ярилцамз. 

Ай, үггүй зурагт номын хүч чадал ч аугаа юм аа.

Номоо энд дарж захиалах боломжтой.

2025-01-01

Унших

2024 оны онцлох зурагт номууд

Зурагт номын ертөнцөд өгүүлэхүйн зааг хязгаар гэж үгүй. Зурагт ном таныг болон таны хүүхдийг өөрийн бичвэр, зургаараа анзаарах сөхөөгүй явсан гэрийн чинь булан тохойноос эхлээд бөмбөрцгийн нөгөө талд аж төрөх мөсөн сууцанд амьдрах гэрт ч аваачиж чадна. Зурагт номоор дамжуулж бид бүхэн хэзээ ч очно гэж бодоогүй газраа очиж, хэзээ ч төсөөлнө гэж бодоогүй зүйлээ дотроо амьлуулдаг билээ. 2024 он Гэрэнгийн хувьд зурагт номын клубийнхээ уулзалтыг тасралтгүй явуулж, "Номтой хүүхэд" арга хэмжээг анхлан зохион байгуулсан гайхалтай он байлаа.
Харин энэ онд монгол хэлт зурагт номын ертөнцөд ямар номууд төрж гарсаныг энэ нийтлэлээрээ дамжуулан онцолж байна. Эдгээр ном бүр таны гэр бүлийг дахин давтагдашгүй, амьд аялалд хөтөлсөн гэдэгт бид итгэлтэй байна. 

1. Алдагдсан хэлтэрхий том О-той таарсан нь

Зохиолч, зураач: Шел Силверстайн

Нас: 2+

Анх хэвлэгдсэн он: 1981

Америк зохиолч, хөгжимчин Шелдон Силверстайн хэмээх эрхмийг монголчууд бид “Өглөгч мод” зохиолоор нь мэднэ. Хар бэхэн зураг, цөөн хэр нь хүчирхэг бичвэрээр нь дэлхий андахгүй. Тэгвэл эл зохиолчийн хүүхэд, томчуудын хэн хэн нь унших дуртай номуудаас “Алдагдсан хэлтэрхий” зохиолын хоёр дахь дэвтэр монгол хэлтэн уншигчдад хүрч буйд Гэрэн зурагт номын мухлаг нь туйлын их баяртай байна.

Та бүгд эл номоос үерхэл нөхөрлөлийн түвэгтэй асуудлуудыг хэрхэн тун энгийнээр хүүрнэснийг, мөн хүмүүс бидэнд хувь чанар, бие даасан байдал юу юунаас чухал гэдгийг олж харж болно. Эл бүтээлийг монгол хэлнээ яруу сайхан орчуулан буулгаж, эрхлэн гаргасан Garuna паблишны редакцын багт талархсанаа илэрхийлмээр байна.

2. Миний чиний бидний гэр 

Зохиолч: А.Даваасүрэн

Зураач: Э.Мишээл

Нас: 2+

Гэр гэдэг бидний хувьд юу вэ? Хүнд хэцүү үед дурсан санах хамгийн дулаахан газар уу? Хамаг хайртай хүмүүс минь хүссэн бүхнээ туурвин суудаг тэр л орон зай юм уу? Гэр бол нандин дурсамж бүхэн цэцэглэдэг тэр л газар билээ. Бид хэдий өөр өөр орчинд, ялгаатай зүйлсээр хүрээлүүлэн амьдардаг ч хамаг үнэ цэнтэй зүйлсийн минь үүр гэдгээрээ гэр бид бүгдэд ижил.

 

“Миний, чиний, бидний гэр” номд энэ л санааг монгол дөрвөн хүүхдийн ахуйгаар дамжуулан харуулах гэж оролджээ. Энэхүү бүтээлийг Бяцхан уншигчид редакц эрхлэн гаргасан бөгөөд хоёр талаараа уншигддаг гэдгээрээ тун онцлог билээ.

3. Сургуульд юу болдог вэ?

Зохиолч: Б.Энхжаргал

Зураач: Э.Мишээл

Нас: 4+

Бяцхан үрс минь “сургууль гээч зүйл рүү ах эгч маань өдөр бүр л явах юм, тэнд яг юу болдог бол оо?” гэж боддог л байж таарна. Тэгвэл томчууд бид хүүхдээ анх сургуульд өгөхөөс нь өмнө хаана очиж, юу хийх гэж байгаа тухай нь ярьж өгч, тайлбарлаж байвал хүүхдийн сэтгэлдээ мэдрэх ойлгомжгүй байдал, цочрол багасах нь лав. Тиймээс л томчууд бидэнд энэ тухай сэдэв хөнддөг зурагт номууд туйлын чухал. 

“Сургуульд юу болдог вэ?” номыг хүүхэдтэйгээ хамт уншингаа, боломжтой бол сургуулиар зочилж тэдэнд эрдмийн өргөөг илүү сайн таньж мэдэхэд нь туслаарай. Ах эгчтэй бол тэдний сургуулиар ороод гарч болно шүү дээ. Бид өдөр тутмын энгийн зүйл гэж боддог ч хүүхдэдээ хэлж таниулаагүй олон зүйлийг анзааралгүй өнгөрүүлдэг юм шүү. “Цэцэрлэгт юу болдог вэ?” номын хоёр дахь дэвтэр болох энэхүү бүтээлийг Болжмор паблишн эрхлэн гаргажээ. Эрдмийн их өргөөнд хөл тавих аялалд нь энэ ном хань болно гэдэгт бид итгэлтэй байна.

4. Үр минь чамайг хүлээж байна

Зохиолч, зураач: Э.Мишээл

Нас: 0+

Хорвоод мэндэлсэн хүүхдийн өмнө энэ орчлонгийн юм бүхэн шинээр нээгдэхээ хүлээж байдаг…Том болох тусмаа бидний хүүхдүүд эргэн тойрныхоо зүйлсийг цоо шинэ нүдээр харж, сониуч зангаа илэрхийлдэг. Томчууд бид тэдний гайхахыг л дэмжээд байх хэрэгтэй юм шүү дээ.

Хүүхдээ гэдсэнд байхаас нь энэ номыг уншиж өгөөд байгаарай. Гарч ирсэн хойноо тод зургуудтай нь танилцаж, зурагт номтой ойр өсөх эхлэл нь болох болно.

   

Зургийг: @yurtuntsiibooks

5. Залхуу Никийн адал явдал

Зохиолч: У.Хулан

Зураач: Э.Мишээл

Нас: 6+

Математиктаа тааруу Ник хүү гэрийн даалгавраа хийхээр түүртэж буйгаар ном эхэлнэ. Гэвч удалгүй хачирхалтай аялалд гарах нь тэр.

Зохиолд өрнөх адал явдлаар дүүрэн аяллаар дамжуулан Ник, ягаан муур хоёрын хамт цэнхэр гүзээлзгэнэ, Тооны Вант Улсын гүнж, Цагаан Толгойн Вант Услын үсэгтэй уулзаж, тулгарсан бэрхшээлээ хэрхэн давахыг олж мэдээрэй.

Уг ном уншигч хүүхдийн төсөөлөн бодох чадварыг идэвхжүүлэн, эх хэлний үнэ цэнийг ойлгуулах бөгөөд сурах нь зугаатай хийгээд шаардлагатай үйл гэдгийг хүүхдэд тун энгийнээр хүүрнэн өгүүлэх ажээ.

Бид эл номынхоо зохиолчтой 4+ насны хүүхдэд зориулсан "Гүзээлзгэнийн үнэртэй жаал" номоор нь танилцсан бол энэ удаа зохиолч 6+ буюу уншиж сурч буй насныханд бүлэг бүлгээр нь таслан уншихад хялбар, сонирхолтой зохиолоо өргөн барьжээ.

6. Монгол хүн: "О. Намнандорж"

Зохиолч, зураач: Б.Төрмөнх

Нас: 4+

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргадаг билээ.

“Монгол хүн” цувралын энэ дугаарт монголын орчин цагийн шинжлэх ухааны суурийг тавьсан нэрт газарзүйч О.Намнандоржийн тухай өгүүлжээ. Энэ хүн бол эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.

... Дэлхийд буусан гал од /солир/ үлэг гүрвэлүүдийг хэрхэн сөнөөснийг, газрын гүнээс оргилох рашаан булаг түмэн бодисын найрлагатайг, эртний хүмүүсийн чулуун зэвсгээс өнөөгийн хөгжил дэвшил хүртэл бүх зүйлийг улам лавшруулан бичсээр. Түүнтэй холбоотой бүхнийг эрж хайн цуглуулсаар. Цастай, бороотойд, бас говийн элсэн манхан, хангайн ой хөвч, намаг шалбаагт ч тэр явган, морьтой, тэмээтэй, цаа бугатай заримдаа хүчирхэг машин техниктэй, заримдаа унадаг дугуйгаар ч явсаар байв.

Хатуу хөтүү цагийн шалгуурт шантарч, буцалгүй эх орон, газар шороо, түүх соёл, амьтан ургамлаа хайрлан хамгаалж үр хойчдоо арвин их өвийг үлдээсэн нэгэн эрдэмтний амьдралын замыг харуулсан энэхүү номыг хүүхэд багачууд та бүхэндээ өргөн барьжээ.

7. Гэр бүлээрээ унших хүүхдийн эрх

Зохиогч: Т.Нямдаш

Зураач: А.Ариунзул, Г.Баасанбат, Б.Буян-Эрдэнэ, Б.Буянзаяа, Э.Мишээл, Н.Такү, Т.Тулга, Т.Цэцэглэн

Нас: 4+

Хүүхдийн эрхийг дэлхий даяараа дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн тунхаг бичиг байдгийг та мэдэх үү? Тэгвэл бидний үр хүүхэд ямар эрхтэйг, томчууд бид ямар үүрэгтэйг бид цаг ямагт өөрсдөдөө сануулж, бодолцдог байх нь зүй. Харин энэ зурагт ном ийн сануулахад тань туслах болно. Өнөөдөр Монголд томчуудын хүүхдэд үзүүлэх санаатай болон санамсаргүй хүчирхийлэл, сургууль завсарлалт, хүүхдийн ядуурал, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт гэх мэт асуудал нийгэмд оршсоор, бяцхан хүүхдүүд өртсөөр л байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч болох томчууд бид хүүхдийн байр сууринд өөрсдийгөө тавьж, хүүхдийн өнцгөөс хүүхдийн эрхийн тухай тунгааж, хүүхдүүдтэйгээ хамтдаа суралцаж, ойлголтоо гүнзгийрүүлж, эрхийг нь хамгаалахад хичээх хэрэгтэй билээ. Номд хөндөгдөх сэдвүүдийг анги хамт олноороо, гэр бүлээрээ ярилцаж ч болно шүү дээ.

Энэхүү номыг долоо хоног тутмын "Дефакто газет"-ын сонины япон хэлний орчуулагч Т.Нямдаш, 8-13 насны хүүхдүүд болон мэргэжлийн зураач хамтран бүтээсэн билээ.

8. Диваажин гаргийн зүгт

Зохиолч: Г.Амгаланбаяр

Зураач: Б.Төрмөнх

Нас: 4+

“Диваажин гаргийн зүгт” номын цаад санаа агуулга нь асар их үнэн зүйлийг өгүүлэх ажээ. Хүмүүст, тэр дундаа хүүхэд багачуудад Бид орчлон ертөнцөд, хосгүй диваажинд их хувь тавилангаар амьдарч байгаа гэдгийг ойлгуулах гэсэн гол утга санаа энэ бяцхан номд байна. Газар дэлхий дээр хүн бий болсон цагаасаа л эхлэн энх мөнхийн диваажинг эрж хайж иржээ. Гэтэл бид тэрхүү диваажин дээрээ сая сая жилээр амьдарч байна. Эрээд олохгүй тэр эрдэнэ чинь эх болсон цэнхэр дэлхий минь юм байна гэдгийг алс холын Марс шиг гараг дээр төрсөн тэр охин ойлгож байна. Дээрээс эрэхээр дэргэдээсээ хай гэдэг хэчнээн үнэн утга төгөлдөр үг вэ!

Та бид хүний диваажин болсон уяхан замбуу тив дээрээ амьдарч аж төрж байгаа болохоор ижий болсон эх дэлхийгээ диваажин гэж ойлгож энэхүү хүмүүний диваажин дээр аз жаргалтай сэтгэл дүүрэн амьдарч эх цэнхэр дэлхийнхээ эс ширхэг бүхнийг хайрлан хамгаалж өсгөн нэмэгдүүлэх нь бидний үүрэг юм гэдгийг энэ номоос ойлгох ёстой юм аа.Гараг ертөнцийн ганцхан диваажин, эх цэнхэр дэлхийгээ амьдрал тэтгэсэн эхийн цагаан сүү мэт хайрлан хамгаалцгаая. “Диваажин гаргийн зүгт” зөгнөлт ном та бүхний сэтгэлийн нандин утсыг хөндөх болтугай.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа - Монгол Улсын Сансарын Нисэгч

9. Сархаанаа хүүгийн увдист найзууд 1, 2

Зохиолч: Т.Мандах

Зураач: М.Алтаншагай, Б.Төрмөнх

Нас: 2+

Амьтанд хайртай бяцхан Сархаанаа хүүгийн түүх Гэрэнд байршлаа. Өхөөрдөм, найзархаг амьтдад ойр өссөн хүүхдүүдэдээ энэ номыг уншиж өгөөрэй. Шүлэглэсэн бичвэр нь тэдэнд их таалагдана гэдэгт итгэлтэй байна.

   

Хоёр дэвтэр энэхүү номд тусч, энэрэнгүй зан, амьтныг хайрлах сэтгэлийг өгүүлэх тул таны номын санд заавал байх учиртай. Яагаад гэвэл бид бусдыг хайрлаж гэмээнэ хорвоо дэлхий илүү үзэсгэлэнтэй болно шүү дээ.

10. Цэг

Зохиолч, зураач: Петер Х.Рэйнолдс

Нас: 2+

Анх хэвлэгдсэн он: 2003

Өөрийгөө нээн, илэрхийлэхэд дөтлөх сэтгэл хөдөлгөм "Цэг" түүх 2003 онд хэвлэгдсэн цагаасаа хойш 25 хэл рүү хөрвүүлэгдэж, нэг сая гаруй хувь хэвлэгджээ. Тун энгийн бичвэр, зураглалтай энэхүү номыг уншсан хэн бүхний дотоор бүтээлч байдал сэрж, ахин дахин оролдох хичээл зүтгэлийн галыг асаах нь лавтай.

2009 оноос хойш жил бүрийн 9 сарын 15-ыг дэлхийн бүтээлч сэтгэлгээний баяр болгож "Олон Улсын ЦЭГийн өдөр" хэмээн тэмдэглэж байхаар болжээ.

Зохиолч зүгээр л оролдоод үзэхийг уриалсан 7-р ангийн математикийн багшдаа эл номоо зориулжээ. Хэрэв чи ямар нэг зүйл эхлүүлж чадахгүй, эргэлзэж тээнэглэзэж, өөртөө огт итгэхгүй байвал зүгээр л оролдоод үзэхийг Гэрэн нь ч бас зөвлөж байна. Ямар үр дүн гарахыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.

11. Тахийн гэрт зочилсон нь

Зохиолч: Ц.Дэлгэрмаа

Зураач: Э.Базаррагчаа

Нас: 2+

Жангар редакцаас уншигч хүүхэд багачууддаа зориулан зэрлэг байгальд устаж үгүй болсон ч сайхан сэтгэлт хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн ачаар төрөлх монгол нутагтаа эргэн идээшсэн ТАХЬ хэмээх амьтны талаарх зурагт номоо эрхлэн гаргажээ. Энэхүү номоос хүүхэд амьтдыг таньж мэдэх, хайрлан хамгаалах урам зориг, сэдлийг авна гэдэгт бид итгэлтэй байна.

Монгол тахь эрээн тахиас хэрхэн ялгардаг, яагаад ийм өнгөтэй байдаг, байгалийн экосистем гэж юу болох, тэд хэрхэн хоорондоо зохицон амьдардаг тухай энэ ном өгүүлдэг. Энэ номоо цүнхлээд гэр бүлээрээ Хустайн нуруу руу аялалд гарж, номд өгүүлэх бүхий л амьтдыг тэндээс олж уулзахыг бид зөвлөж байна.

Зураач: Э.Базаррагчаа

12. Бяцхан салхи

Зохиолч, зураач: Б.Төрмөнх

Нас: 2+

Бид бүхэн хүүхэд ахуйдаа одоо хийж чаддаг зүйлсийнхээ дийлэнхийг хийж чадах нь байтугай мэддэг ч үгүй байсан билээ. Хүүхэд насанд юм бүхэн ТОМ, биднээс илүү санагддаг нь ч үнэн. Харин тэрхүү мэдрэмжийг хүүхэд хэрхэн даван туулдаг, дотор сэтгэлд нь юу болж байдгийг зохиолч, зураач Б.Төрмөнх "Бяцхан салхи" номоороо харуулахыг оролджээ. 

Ямар нэг зүйлийг хийж чаддаг болтол цаг их ордог.  Энэ л чухал сэдвийн талаар хүүхэдтэйгээ ярилцаж, ямар нэг зүйл сурахад цаг орж байгааг нь өөрт нь анзаарахад нь туслаарай. 

Зураач Б.Төрмөнх

13. Нэг сая удаа амьдарсан муур

Зохиолч, зураач: Сано Ёоко

Нас: 0+

Анх хэвлэгдсэн он: 1977

Жинхэнээрээ амьдрах гэж юу вэ? Хэн нэгнийг өөрөөсөө илүү хайрлана гэж юу гэсэн үг вэ? Бидний хэд нь жинхэнээсээ амьдрач, жинхэнээсээ хайрлаж чаддаг бол? Хүн хэзээ жинхэнээсээ амьдарч эхлэдэг вэ? Үхэл гэж юу вэ? Яагаад юм бүхэн төгсөх учиртай вэ?

Энэ зурагт ном бидэнд үй олон бодлыг төрүүлж, төдий чинээний асуулт ургуулна. 1977 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш Япончуудыг, дэлхий нийтийг ийн бодоход хүргэсэнд нь энэ номын үнэ цэн орших биз ээ.

Зурагт номд хүүхэдтэйгээ ярилцахад хүнд сэдвүүдийг, тэр дундаа үхэл хагацал, төгсгөл, нэгэнт одсон зүйлийг санан бэтгэрэх тухай хөнддөг. Энэ л номуудыг бид хүүхдэдээ илүүтэй сонгож ярилцах, тоолгүй өнгөрүүлж огт болдоггүй. Бид хүүхдэдээ хэт өөдрөг, сайн сайхан зүйлсийг харуулж, үзүүлэхийг хичээн, хар бараан, муу муухайг нуун дарагдуулж, огт байхгүй мэт амьдрах ямар ч боломжгүй. Ойлгохгүй байгаа, мэдэхгүй зүйлээ хүүхэд улам бүр сонирхох нь элбэг. Тиймээс иймэрхүү сэдвүүдэд аль болох нээлттэй хандаж байхыг томчуудаасаа хүсэж байна.

14. Ойн 14 хулгана: Өвлийн нэг өдөр

Зохиолч, зураач: Казүо Ивамура

Нас: 0+

Анх хэвлэгдсэн он: 1991

"Өвлийн нэг өдөр" бол Японы нэр хүндтэй хүүхдийн номын зохиолч/зураач Казуо Ивамурагийн "Ойн 14 хулгана" цувралын 2 дахь ном юм. 20 гаруй хэл дээр орчуулагдаж нийт 20 сая гаран хувь борлогдсон энэ цувралыг эх хэл дээрээ орчуулан гаргасандаа манай редакц маш их баяртай байна. Ойн 14 хулганы гэр бүл эдүгээ Монголд их олон бяцхан уншигчидтай болжээ. Энэхүү цуврал дээр хулганын гэр бүл хүйтэн өвлийн нэг өдрийг тав тухтай тоглож наадан өнгөрүүлж буй дүр зурагийг харуулжээ.

15. Пину дэлхийтэй танилцсан нь: Тайланд

Зохиолч: Г.Мөнгөнзул

Зураач: Б.Энхтунгалаг

Нас: 2+

Пину дэлхийн улс орнуудаар аялж тухайн орны соёл, хүмүүсийн аж байдал, онцлог, ондоошлыг өөрийн нүдээр үзнэ. Аялагч шувуу Пину энэ удаа Тайланд орноор аяллаа. Уншигч багачуудын сонирхлыг татахуйц зураг, өгүүлэмж, баримтууд хуудас бүрд бий.

Дэлхийн бөмбөрцөг дээр зэрэгцэн орших улс орнуудын тухай энэхүү цуврал номоос олж мэдээрэй.

16. Гэгээ

Зохиолч: Г.Амгаланбаяр

Зураач: Л.Нямдорж

Нас: 0+

"Шинжлэх ухаанч цуврал"-ын хоёр дахь бүтээл болох "Гэгээ" ном энэ оны сүүлээр хэвлэгдэн гарсан билээ. Гэгээ робот хэрхэн Дэлхий гэх гарагийг сүйрэхийн даваан дээр байхад нь дахин цэцэглүүлж, хөгжүүлж байгаа тухай энэ номоос олж унших боломжтой.

Бид гэрэл гэгээ рүү тэмүүлдэг учир гайхамшгийг бүтээж чадсаныг түүх гэрчилдэг. Сэтгэлдээ, оюун ухаандаа гэгээ оруулах гэж хичээдэг учраас хүмүүс хөгжиж, дэвшдэг. Зохиолч Г.Амгаланбаяр Гэгээ охиноо номынхоо гол дүр болгож, түүнтэй хамт дэлхийг хайрлаж, энх тайвнаар хамтран амьдрах ирээдүйн дэлхийн хүмүүс уншина гэх итгэлээр энэ үлгэрийг бичжээ.

17. Шорооноос өөр юу ч байхгүй

Зохиолч: Ц.Чулуунцэцэг

Зураач: Б.Төрмөнх

Нас: 0+

Хүүхдийн хэл яриаг шүлэг, яруу найраг тун идэвхийлэн хөгжүүлдэг. Тэгвэл нэгэн эгэл жирийн багш өөрийн ач нартаа бичсэн шүлгээ зурагт ном болгон хэвлэжээ. Эл ном өвөл, шинэ жилийн холбогдолтой 23 шүлгийн цоморлиг бөгөөд цөм гэгээн гэгэлгэн хүүхэд нас, аз жаргал, баяр хөөр, нэг нэгнээ гэсэн сэтгэл гэх зэрэг үй олон сэдвийг хөндөх ажээ.

"...Өнөөдөр би чаддаг зүйлээ

Өнгөрсөн жил чаддаггүй байсан

Арав магадгүй түүнээс олон

Ахин дахин хийсээр сурсан..." 

Энэ шүлгийн ном таны гэр бүлийн энэ өвлийн дурсамжийн нэг хэсэг болно гэдэгт бид итгэлтэй байна.

18. Намайг бөмбөг яаж шидэхийг харж бай

Зохиолч, зураач: Мо Виллемс

Нас: 0+

Анх хэвлэгдсэн он: 2009

Мо Виллемсийн номуудыг инээлгүй унших хэцүү. Дуу оруулж, жүжиглэн уншихад дургүй хүүхэд бүүр ч ховор. Ялангуяа түүний "Заан тоорой хоёр" цувралын номуудыг нэг уншуулсан хүүхэд ахин дахин уншуулахаар авчирах нь энгийн үзэгдэл шүү. Энэ жилийн төгсгөлд Bbbooks паблишн Заан тоорой хоёр цувралын цоо шинэ дэвтрийг монгол хэлнээ хэвлэн гаргаж хүлээлт дүүрэн байсан бяцхан уншигчдаа баярлууллаа.

Бөмбөгөөр зугаатай тоглоход элдэв дүрэмж, журам хэрэгтэй гэж үү дээ? Яагаад зүгээр л хөгжилдөж болохгүй гэж? Заан тооройн энэ удаагийн аялал юуны тухай байхыг номноосоо олж мэдээрэй.

19. Төмөр зам

Зохиолч: Э.Доржсүрэн

Зураач: Э.Базаррагчаа

Нас: 2+

Оны төгсгөлд тун сайхан танин мэдэхүйн ном уншигчдын хүртээл боллоо. Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцаас гарсан эл номд галт тэрэг, төмөр зам, зүтгүүр, зөрлөг, машинч гэх зэрэг төмөр замтай холбоотой бүхий л зүйлсийн талаар өгүүлжээ.

Галт тэрэг харан догдолдог эсвэл галт тэргээр аялалд гарах гэж буй хүүхдэдээ заавал уншиж өгөх ном нэгээр нэмэгдлээ. Төмөр зам ном танин мэдэхүйн төрөлд багтах авч дундаа бас бяцхан өгүүлэмж хэсэгтэй болохоор хүүхэд уйдна гэж үгүй.

 

Ингээд энэ жилийн бид бүхний зурагт номын аялал огт уйдахааргүй, баялаг түүхтэй, адал явдал, олон өнгийн мэдрэмжээр дүүрэн өнгөрчээ. 2025 онд бид үүнээс ч олон монгол болон орчуулгын зурагт номуудыг шинээр өлгийдөн авна гэдэгт Гэрэн мухлаг/ редакц нь тун итгэлтэй байна.

Зурагт номд шимтэгч та бүгдэдээ Шинэ оны мэнд хүргэе!

2024-12-24

Унших