Улаанбаатарт тэсгим хүйтэн өвөл дуусаж, урин дулаан хавар цаг иржээ. Модод нахиагаа дэлгэн, нөмөр газар даган ногоо ургажээ. Хүүхэд багачууд хөгжилдөн тоглоцгооно. Ах эгч нар ажил албандаа явцгааж, ахмад настнууд нарлан, хотын өглөө эхэллээ. Сараа найзыгаа онгоцны буудлаас угтан авлаа. Санчирын унагасан талхыг хэрээ олоод авчээ. Гурван тахиа хотоор гүйлдэнэ. Нямаа ногоо тарихаар газар хагалж байна. Сарнай Баяраагийн дүрэмт хувцсанд санаандгүй зайрмагаа нялчхаж гэнэ. Өглөө бүр шинэхэн талх, нарийн боовыг дэлгүүрүүдэд тараахаар Санчир яаран давхидаг юм. Дулам эмээ хүнсээ цуглуулахаар гарч байна. Өндөр өвөөгийн тахиаг Хүдэр золтой л барьчихсангүй. Бабу, Бобо хоёр юу хөөж гүйсэн юм бол? Харин энэ хэн бэ? Онгоцны буудал, Хүннү худалдааны төв, Сүхбаатарын талбай, шатахуун түгээх станц, төв шуудан, замын цагдаа, сурагчид, барилгачид, машин, автобус тэр ч бүү хэл шуудангийн хажууд ном зардаг дээлтэй ахыг ч энэхүү номоос харж болно шүү. Энэхүү хайлтын ном нь олон өөр өөр газрын үйл явдал, нөхцөл байдлыг харуулсан ба тодорхой дүрүүдээр дараагийн хуудас болон цувралуудад үйл явдал нь үргэлжлэн өрнөнө.