Даланбалжиудын тулалдаанаас хойш 5 жил болоход Тэмүжиний мал сүрэг өсөж, эд баялаг нь арвижин, цэргийн хүчин чадал нь өсөж, авьяаслаг жанжид ч бий боллоо. Татар нь Алтан улстай нягт холбоо тогтоосон байсан боловч дайнд олсон олзоо булаацалдан тэдний хооронд зөрчил үүсэн дайтахад хүрчээ. Алтан улсын цэрэг Татарыг дангаар дийлэхгүй тул Татартай өстэй байсан Монгол аймгууд, түүний дотор Тэмүжинд хэл хүргэж, хүч хавсрахыг хүссэн байна. Тэмүжин эрт орой хэзээ нэгэн цагт Татаруудыг мөхөөнө гэдэг санааг сэтгэлдээ тээж явсан болохоор энэ далимыг ашиглан Татарыг бусадтай хамтран сөнөөх нь хожмын өдөр хэрэг болно гэдгийг тооцсон бөлгөө...