Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. “Монгол хүн” цувралын энэ дугаарт монголын орчин цагийн шинжлэх ухааны суурийг тавьсан нэрт газарзүйч О. Намнандоржийн тухай өгүүллээ. Энэ хүн бол эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. ... Дэлхийд буусан гал од /солир/ үлэг гүрвэлүүдийг хэрхэн сөнөөснийг, газрын гүнээс оргилох рашаан булаг түмэн бодисын найрлагатайг, эртний хүмүүсийн чулуун зэвсгээс өнөөгийн хөгжил дэвшил хүртэл бүх зүйлийг улам лавшруулан бичсээр. Түүнтэй холбоотой бүхнийг эрж хайн цуглуулсаар. Цастай, бороотойд, бас говийн элсэн манхан, хангайн ой хөвч, намаг шалбаагт ч тэр явган, морьтой, тэмээтэй, цаа бугатай заримдаа хүчирхэг машин техниктэй, заримдаа унадаг дугуйгаар ч явсаар байв. Хатуу хөтүү цагийн шалгуурт шантарч, буцалгүй эх орон, газар шороо, түүх соёл, амьтан ургамлаа хайрлан хамгаалж үр хойчдоо арвин их өвийг үлдээсэн нэгэн эрдэмтний амьдралын замыг харуулсан энэхүү номыг хүүхэд багачууд та бүхэндээ өргөн барьж байна.